“Дэлхийн хөдөө аж ахуй, хүнсний инновац” олон улсын хурал Бээжин хотноо зохион байгуулагдлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-01-12 10:08:18

БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам, Боловсролын яам, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн их сургуулиас “Дэлхийн хөдөө аж ахуй, хүнсний инновац” олон улсын хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 02-04-ны өдрүүдэд Бээжин хотын Пингу дүүрэгт зохион байгууллаа. 

            Энэхүү олон улсын хуралд дэлхийн 61 орны 800 гаруй эрдэмтэн, судлаач, бизнес эрхлэгч хуран чуулж “Хүнсний аюулгүй байдал ба ирээдүйн хөдөө аж ахуй” сэдвийн хүрээнд Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор Б.Баасансүх хөдөө аж ахуйн олон талт инновац, дэлхий дахинд хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй бэрхшээл, сорилтод ирээдүйн удирдагчдыг бэлтгэх тухай хэлэлцүүлэгт илтгэл тавьж оролцлоо.

Улс орнуудын хөдөө аж ахуйн их сургуулийн захирлууд чууллаа

            Дэлхийн 21 орны 100 гаруй их сургуулийн захирал, эрдэмтэд “Дэлхий хөдөө аж ахуй, хүнсний бодлого, сорилт” сэдвийн дор нэгдэн чууллаа.  Чуулганы хэлэлцүүлэгт Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор Б.Баасансүх оролцож хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи, бодлогод инновац хийх, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ, салбарын судалгаа хөгжүүлэлтийн үр дүнд бий болсон оюуны бүтээл, шинэ бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, нутагшуулах замаар мэдлэгийг үйлдвэрлэл, бизнесийн эргэлтэд оруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачдын хамтын оролцоог хангах талаар санал бодлоо илэрхийлсэн байна.  

 

Монгол Улсын хөдөө аж ахуйн их сургууль БНХАУ-ын Хөдөө аж ахуйн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа  

         Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор Б.Баасансүх БНХАУ-ын Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Сун Чишин /Sun Qixin/ нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд хоёр их сургуулийн боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг

  • Монгол Улсад Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн паркийг байгуулах чиглэлээр хамтарсан судалгаа хийх
  • Хятад Улсын Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн инновацын ололт, туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхэд хамтран ажиллах
  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх олон улсын хамтарсан төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх
  • Хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэх буюу Монгол Улсын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох хамтарсан төсөл хэрэгжүүлэх
  • “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хоёр их сургуулийн эрдэмтдийн Think Tank холбоо байгуулах
  • Ахисан түвшний болон залуу судлаачдыг хүний нөөцийн солилцооны хөтөлбөрт хамруулахад дэмжлэг үзүүлэхээр харилцан тохиролцсон байна.

           Мөн бага хурлын үеэр Хөдөө аж ахуйн их сургуулийн зүгээс БНУУ-ын Хөдөө аж ахуйн их сургууль, Тайландын Касетсартын их сургууль, Канад Улсын Албертагийн их сургууль, БНХАУ-ын Сичуаны Хөдөө аж ахуйн их сургууль, Хунаны Хөдөө аж ахуйн их сургууль, Хэбэйн Хөдөө аж ахуйн их сургууль, Төв Хятадын Хөдөө аж ахуйн их сургууль, Өмнөд хятадын Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллахаар санал солилцож хурлын үйл ажиллагааг амжилттай өндөрлүүллээ.